Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-15 07:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд С.Амарсайхан “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 14-нд өргөн мэдүүллээ.


Тогтоолын төсөлд “Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн Хөшигийн Хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар тусгажээ. Чөлөөт бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га талбайгаар тогтоож, газрын байршил, хилийн заагийн  эргэлтийн цэгүүдийн солбицлыг  хавсралтаар батлах гэсэн хоёр үндсэн заалтыг тусгасан байна. 


Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар:

- Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох;

- Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох;

- Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс" болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Холбоотой мэдээ