Олимпод оролцох төлөөлөгчдийн хувцсыг албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй үйлдвэрлэж байгааг нотлохыг хүсжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-13 16:20:52

МОСКВА. /TASS/. АНУ-ын Конгрессын Хятадын асуудал эрхэлсэн гүйцэтгэх хорооны дарга нар Олон улсын олимпын хороонд (ОУОХ) захидал илгээж, Бээжинд болох Олимпын наадамд оролцох төлөөлөгчдөд зориулсан хувцсыг тус байгууллагатай гэрээ байгуулсан компаниуд албадан хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр үйлдвэрлэж байгааг нотлохыг хүсжээ.


Эдгээр нь Хятадын спорт хувцас үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Anta Sports” болон “Hengyuanxiang Group” бөгөөд уг захидалд дурдсанаар Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны (ШУӨЗО) хөвөн даавууг ашигладаг аж. Конгрессын гишүүдийн санааг зовоож буй асуудал нь бүс нутаг дахь хүний ​​эрхийн зөрчилтэй холбоотой байна. 


"Бид “Anta Sports” болон “Hengyuanxiang Group”-тэй байгуулсан ОУОХ-ны гэрээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэж энэхүү захидлыг бичиж байна. “Anta Sports” болон “HYX Group” нь Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд үйлдвэрлэсэн хөвөнг үргэлжлүүлэн ашиглаж байгаад бид онцгой санаа зовж байна" гэж лхагва гарагт нийтэлсэн захидалд дурджээ.


АНУ-ын Конгресс болон Америкийн засаг захиргаа албадан хөдөлмөрийг эрс эсэргүүцэж байна гэж захидлыг бичигчид нэмж дурдсан байна.  


Уг захидлыг Орегон муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн, дээрх хорооны дарга Жефф Меркли, тус хороог хамтран даргалагч, Массачусетс муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Жеймс Макговерн нар бичсэн байна. Нью-Жерсигээс сонгогдсон Ардчилсан намын Кристофер Смит мөн захидал бичихэд нэгджээ.


Захидлыг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахад хаягласан байна. Бээжингийн өвлийн Олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.


Шинжааны хөвөнтэй холбоотой маргаан

2020 оны 12 дугаар сард АНУ-ын эрх баригчид хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Шинжаанаас хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Энэ шийдвэрийг “албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдлыг нотолсон мэдээлэлд үндэслэн гаргасан” гэж АНУ-ын Гааль, хилийн алба мэдэгдсэн юм.


Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг үйлдвэрлэдэг ба үүний дийлэнх хувийг ШУӨЗО-д үйлдвэрлэдэг байна.


Холбоотой мэдээ