Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-11 08:54:56

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг Булган аймагт тэмдэглэж байна. Тус аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Үндсэн хууль батлалцсан ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, гавьяат барилгачин М.Могойтар, гавьяат эдийн засагч Д.Цэен-Ойдов, депутат С.Лхагвасүрэн, П.Дамба, Б.Даваасүрэн, С.Банзрагч, С.Ёндонжамц, Д.Дорж нар ойн үйл ажиллагаанд оролцлоо. АИХ-ын депутатууд төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, “Депутатуудаа дээшээ морил” телевизийн нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх, хууль батлалцах үеийн дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа.

          Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүллээ.

          АИХ-ын 113 дугаар тойргийн /Гурванбулаг сум/ депутат Ж.Гүррагчаа:

         - Шинэ Үндсэн хуулийг батлах АИХ-ын депутатуудыг сонгох анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулах комиссыг удирдан энэ нэр хүндтэй бөгөөд амар хялбаргүй ажлыг төр нийгмийн зүтгэлтэн олон хүнтэй хамт гүйцэтгэсэндээ бахархалтай байдаг. МАХН-аас 357, АН-аас 16, Үндэсний дэвшлийн намаас 10, Социалдемократ намаас 4 депутатын бүрэн эрхийг зөвшөөрүүлэхээр АИХ-ын чуулганд танилцуулж байлаа. 1990 оны энэ сонгууль монголчуудад ардчилалд суралцах том сургамж болсон гэлээ.

          АИХ-ын 114 дүгээр тойргийн /Дашинчилэн сум/ депутат С.Ёндонжамц:

          - Бид цөөнхөө хүндэтгэж, саналыг сонсож, асуудлыг тал бүрээс нь хэлэлцдэг байлаа. Үндсэн хууль батлахад хамгийн их цаг хугацаа зарцуулж маргалдсан асуудал бол Төрийн сүлдний тухай байсан. Депутатууд зөвшилцөлд хүрээд Үндсэн хуулиа баталсан нь гавьяа юм гэж ярилаа.

Холбоотой мэдээ