“Tesla” Шинжааны нийслэлд үзэсгэлэнгийн танхим нээжээ

ДЭЛХИЙД | Технологи
Jargal.d@montsame.mn
2022-01-04 17:37:41

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Америкийн тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Шинжаан Уйгурын өөртөө засах оронд үзэсгэлэнгийн танхимаа (showroom) нээжээ.


“Tesla” компани 12 дугаар сарын 31-нд Шинжааны нийслэл Өрөмч хотод үзэсгэлэнгийн танхимаа нээлээ гэж Хятадын олон нийтийн “Weibo” сүлжээн дэх тус компанийн албан ёсны хуудсанд мэдээлсэн байна. 


"2021 оны сүүлийн өдөр бид Шинжаанд уулзаж байна. 2022 онд Шинжаанд хамтдаа цахилгаан машинаар аялцгаая!" гэж тус компани нийтэлжээ. Энэ талаарх мэдээлэл “Tesla”-гийн англи хэлээрх эх сурвалжуудад гараагүй байна.


Хятадад олон шүтэн бишрэгчтэй болсон "Tesla" компани энэ улсад бизнесээ хурдацтай хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч Шинжаанд үзэсгэлэнгийн танхим нээснээр "Walmart Inc.", "Intel Corp" гэх зэрэг Америкийн бусад компаниудад тулгарч байсантай адил компанийн нэр хүндэд асуудал үүсэх эрсдэлтэй гэж "The Wall Street Journal" сонинд бичжээ. 


Барууны орнууд Хятадын эрх баригчдыг Шинжаанд амьдарч буй уйгаруудын эрхийг зөрчиж байна гэж буруутгадаг билээ. Харин Хятад улс үүнийг эрс няцаасаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан барууны хэд хэдэн компани Шинжаан дахь үйл ажиллагаагаа цомхтгохоор шийдсэн бол АНУ болон хэд хэдэн улс албан ёсны төлөөлөгчдөө Бээжингийн Олимпод илгээхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ