Монгол, Лаосын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНАЛАУ-ын Гадаад хэргийн яамны Ази номхон далай, Африкийн газрын захирал Сундара Вироттой өнөөдөр цахим уулзалт хийв.
Цахим уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар оролцож, талууд ирэх онд Монгол, Лаосын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар болон харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудаар санал солилцов.
Дипломат харилцааны ойгоор Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааны түүхийг хоёр ард түмэнд сурталчлан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зорилготой цуврал арга хэмжээг хоёр тал зохион байгуулахаар ярилцав. Мөн цар тахлаас үүдэн сүүлийн 3 жилд тасалдаад буй Засгийн газруудын ээлжит хуралдаан болон ГХЯ-ны ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар тохиров.
Лаос Улсад саяхан хурдны төмөр зам ашиглалтад орсонтой холбогдуулан цаашид хоёр улс төмөр замаар шууд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд холбогдох хэлэлцээр байгуулах асуудлыг хоёр талаас хөөцөлдөж ажиллахаар тогтов. Монгол Улс цаашид АСЕАН-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хамтын ажиллагааны тохиромжтой механизмд нэгдэх асуудлаар цаашид Лаосын талтай санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
Монгол Улс БНАЛАУ-тай 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоожээ.