Сергей Диордица: Омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүйн тулд хилийн хяналтыг сайжруулах нь зөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-21 17:06:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзаж, "КОВИД-19" цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мөнгөн тусламж олгож мэргэжил арга зүйгээр дэмжиж байгаад талархал илэрхийлээд омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байна гэв.


ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүй байхын тулд хилийн хяналтыг сайжруулах, зорчигчдоос 4 хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ авах нь зүйтэй гэлээ. Мөн коронавирусний вакцины гурав дахь тунг үргэлжлүүлэн хийх нь халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна гэв.


Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ