Өвөрхангайгаас улсын цолтой гурван бөх төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-15 13:26:43

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Өвөрхангайчууд өнгөтэй сайхан наадлаа.  Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд тус аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс гурван шинэ цолтон төрж, нутаг усныхнаа баярлуулав.

Тодруулбал цэргийн арслан Лутын Батзориг, аймгийн арслан Ч.Чимэддорж нар 5 давж, Улсын начин цол хүртсэн бол аймгийн арслан Х.Гантулга 6 давж, Улсын харцага хэмээх хүндтэй эрхэм цолыг хүртлээ.

Л.Батзориг 5-ын даваанд Улсын заан “баавар” хочит М.Өсөхбаярыг хаяж, харцага цолны даваанд Улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон бол Ч.Чимэддоржийн хувьд 5-ын даваанд нутгийн ах, Улсын заан Б.Сайнбаяраар 5 давж, 6-гийн даваанд Улсын гарьд Б.Гончигдамбад тахимаа өгчээ. Аймгийн арслан Х.Гантулга 5-ын даваанд нутгийн ах улсын арслан Д.Ганхуягаар 5 давж начин цолны болзол хангасан ба 6-гийн даваанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Улсын начин Л.Цэрэнтогтохыг хаян Улсын харцага цолтон болж, 7-гийн даваа буюу заан цолны барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шорооджээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ