С.Чинзориг: Хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын бүтэц тодорхой үр дүн авчирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-25 11:43:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. 


Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 3, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс мөн долоодугаар сарын 2-ны өдөр тус тус дээрх төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд төслүүдийг Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн байна. Төсөлтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн мэдүүлсэн 51 хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг нийт зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол, хоёр найруулгын санал бэлтгэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжжээ. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат, Ж.Ганбаатар нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг баталснаас хойш нэг жилийн дараа өөрчлөлт оруулж буйг тодотгоод, хууль боловсруулж батлах өнгөрсөн 30 жилийн хугацааны туршлагад дүн шинжилгээ хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд 550 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж байсан ч дорвитой өөрчлөлт гараагүйг хэлж байв. Тэрбээр, өмнөх хуулийн төсөлд ямар алдаа дутагдал байсан, Засгийн газрын болон гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн алийг нь суурь болгосон, хуулийн шинэчлэлээр ямар үр дүн гарахыг тодруулав. 


Төслийн ажлын багийн ахлагч С.Чинзориг гишүүний асуултад хариулахдаа, сүүлийн 30 жил манай улс хөгжлийн нэгдсэн бодлогогүй, хөгжлийн асуудал эрхэлсэн бүтцийн байгууллагагүй явж ирснийг тэмдэглэв. 1995 онд ядуурал 35 хувьтай байсан бол одоо ч 29.7 хувьтай байж буурахгүй байгааг тодотгов. Нэгдүгээрт, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн бүтэцгүй учраас салбарын яамд тус тусын бодлого гарган ажилладаг. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн бодлого гардаггүй, салбар хоорондын уялдаа байдаггүй гэдгийг хэлэв. Мөн сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилийн циклээр боловсруулдагтай холбоотой гэдгийг тайлбарлав. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд "хөгжлийн бодлого тогтвортой байна" гэсэн заалтыг нэмж тусгасныг тодотголоо. Энэ хүрээнд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахаар болсныг дурдав. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар, Үндсэн хуульд тусгасан "хөгжлийн бодлого тогтвортой байна" гэсэн хэсэг амилах бөгөөд хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын бүтцийн байгууллагатай болж үр дүн авчирна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 


Хуулийн төслийг нэгтгэхдээ, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл илүү хамрах хүрээ, агуулга том байсан тул суурь болгосон гэдгийг тайлбарлав. Хуулийн төсөлд, дунд хугацааны зорилтыг таван жилээр тодорхойлсон нь намуудын сонгуульд өрсөлдөх дөрвөн жилийн циклээс зөрүүлсэн гэдгийг хэллээ. Ингэснээр хөгжлийн бодлого, залгамж чанар хадгалагдаж тогтвортой болно гэж үзэж байна. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл боловсруулах цаглаврыг Төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулсан байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөртэй уялдсан байх ёстой гэсэн асуудлыг төсөлд тусгасныг онцоллоо. 


Ингээд Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу “7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална” гэснийг хасах, мөн төслийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 9.4.3 дахь заалт, 6 дугаар зүйлийг тус тус хасах Ажлын хэсгийн саналыг хурадаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ