Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-24 16:27:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангах зорилго бүхий “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум” өнөөдөр боллоо. 


БНХАУ-ын саналын дагуу “Хүн төрлөхтний хамтын нэгдлийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан юм. Форумд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн Жэн Хүнфань нар үг хэллээ.


Дэлхийн улс төрийн нөхцөл байдал амаргүй, хамтын ажиллагааны шинэ зам, чиглэлээ олоогүй байгаа. Энэ цаг үед сэтгүүлч нар улс орнуудын иргэдийг холбож, үнэн зөв мэдээллээр хангаж, хүмүүсийн бодит хүсэл эрмэлзлийг гаргаж өгөх нь төөрөлдөөд байгаа улс төрд зүг чигийг заахад тус нэмэртэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар форумын нээлтийн үеэр онцлов.


Тэрбээр, “Сэтгүүлч нарт хоёр том эрсдэл бий. Нэгдүгээрт, цахим ертөнц. Цахим ертөнц сэтгүүлчдэд маш том боломж, өрсөлдөөнийг бий болгож байна. Зөвхөн твиттер буюу жиргээг үзэхэд 280 тэмдэгтэд багтаж мэдээллээ өгч байна. Үүгээр энгийн иргэд хэрэглэгчээс гадна мэдээлэл түгээгч болж байна. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрийнхөө байр сууринаас мэдээлэл өгч байгаа. Харин сэтгүүлч нар баримт, судалгаа, шинжилгээнд суурилсан мэдээлэл өгч, түүндээ хариуцлагаа хүлээдгээрээ ялгаатай. Нэгэнт 280 тэмдэгтээр тогтсон энэ цахим ертөнц сэтгүүлч нарт зориулж өөрчлөгдөхгүй. Тиймээс сэтгүүлч нар үүнд зохицож өөрчлөгдөх ёстой. Үнэнийг 280 тэмдэгтэд багтааж хүнд хүргэнэ гэдэг маш хүнд. Тэгэхээр энэ хязгаартай орон зайд дүн шинжилгээтэй бодит мэдээллийг хүргэхээс өөр аргагүй болж байна. Түүнчлэн youtube, facebook-т орж буй мэдээлэл 2 минутаас хэтрэх шаардлагагүй. Цаашлаад тик ток шиг цөөн секундэд хүний анхаарлыг татах мэдээллээ хүргэдэг болохгүй бол 5 минутын бичлэг хэт урт болно. Хоёрдугаарт, улс төрийн талцал бол сэтгүүлч нарын хамгийн том эрсдэл. Учир нь улс төр та бүхний ажилд орж, байр сууриа тулгах гэж оролдоно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй улс төр та нарыг өөрийнхөө хэрэгсэл болгож ашиглахыг оролдоно. Тиймээс сэтгүүлч нар хараат бус тоглогч байгаарай гэж хүсмээр байна” гэлээ.


Мөн тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаль орчныг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх, энх тайвныг эрхэмлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг онцлоод цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа улам идэвхжүүлэх хэрэгтэйг сануулав. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүн төрлөхтөн дайныг ялсан өдрийг тэмдэглэх санаачилга” зэргийг иш татсан юм.


МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, “Хятадын гадаад сурталчилгааны суваг, монгол хэлээрх мэдээ мэдээллийн суваг нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломж олгож байгаа. Харин Хятадын эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, бизнес эрхлэгчдийн сурталчилгааг нэвтрүүлэх босго өндөр. Тиймээс хамтын ажиллагаагаа энэ чиглэлд хөгжүүлэх шаардлагатай байна” хэмээн илтгэлдээ онцлов.


Мөн үеэр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд “100 жилийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Аливаа улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа нь ард түмний холбох оюун санааны гүүр болдог гэдгийг тэрбээр онцлов. Түүнчлэн “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум” нь хамтын ажиллагааны байнгын механизм болон хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.


Эдүгээ 100 жилийн ойгоо тэмдэглэж буй МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаад улс орнуудын мэдээ мэдээллийг дотооддоо түгээх үндсэн зорилготой. Энэ хүрээнд БНХАУ-ын СИНЬХУА агентлагтай 1958 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын тухай мэдээллийг дотооддоо, Монголын тухай мэдээллийг Хятадад түгээж ирсэн гэдгийг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд илтгэлдээ онцолсон юм. Тэрбээр, “Дэлхий нийт цар тахлыг даван туулна. Үүний дараа цар тахлын дараах өсөлт хөгжил, амжилт бүтээлийг газар дээрээс нь сурвалжилсан мэдээлэл Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарах нь тодорхой юм. МОНЦАМЭ агентлаг СИНЬХУА агентлагтай тогтоосон найрсаг харилцаагаа эрхэмлэхийн зэрэгцээ Монгол Улсыг сурталчлах үүднээс бусад хэвлэлд эх орныхоо тухай мэдээллийг монгол, хятад, англи зэрэг хэлээр нийлүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Хамгийн сүүлд гэхэд МОНЦАМЭ агентлаг энэ оны гуравдугаар сард “China Daily” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хятад, англи хэлээр мэдээлэл солилцох, сэтгүүлчдээ сургахаар тохиролцлоо. Монголын тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөн гардаг. Хятадын талаарх мэдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гардаг нь бодит үнэн юм. Тиймээс хоёр орны сэтгүүлчдийн байгууллага харилцан бие биедээ ашигтай, тэнцвэртэй мэдээлэл түгээхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ