Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн хөдөлгөөн эхэллээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-11-13 14:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ​Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяны хүрээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн хөдөлгөөн өнөөдөр эхэллээ.


Уг хөдөлгөөнийг НОБГ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 15,17 дугаар хороодын Засаг дарга, түүний ажлын алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд хамтран зохион байгуулна.


Хөдөлгөөний хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр болон обьект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан  айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгөх аж.


Мөн иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг таниулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгөх юм.


Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд 4125 айл өрхийн 12000 гаруй иргэн амьдардаг. ​Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, иргэд гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ