Цахилгаан автомашины борлуулалт Хятад, Европт өсөж, Японд буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-11 17:34:26

ТОКИО. /NHK/. Дэлхий дахин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилтыг дэвшүүлээд байгаатай холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татах болоод буй. Улмаар Хятад болон Европын орнуудад цахилгаан автомашины борлуулалт өсөж байгаа бол Японд худалдаалагдаж буй шинэ автомашинуудын нэг хүрэхгүй хувийг эзэлсэн хэвээр байна. 


Автомашин үйлдвэрлэлийн салбарын “MarkLines” судалгааны фирмийн мэдээллээс үзэхэд, Хятадад 2020 онд 1.1 сая орчим цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалагдсан нь тухайн оны шинэ автомашины борлуулалтын 4.4 хувьтай тэнцжээ. Европын хувьд 712500 автомашин буюу нийт борлуулалтынх нь 4.5 хувьтай тэнцэж байгаа бол АНУ-д энэ үзүүлэлт 1.7 хувьтай байжээ. 


Харин Японд ердөө 12900 цахилгаан автомашин /0.3 хувь/ худалдаалагдсан байна. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн олон орон, бүс нутагт автомашины борлуулалт буурсан. Харин Хятадад цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар, Европт хоёр дахин нэмэгджээ. Гэтэл Японд энэ үзүүлэлт ойролцоогоор 36 хувиар буурсан байна. 


Хятад, Европт цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж байгаа нь ийм тээврийн хэрэгслийн зах зээлд манлайлах зорилт дэвшүүлээд буй засаг захиргааных нь хүчин чармайлтын үр дүн юм. Тухайлбал, цахилгаан автомашин худалдан авсан хэрэглэгчдэд татаас олгож, автомашин үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж байна. 


Японд үүнтэй ижил татаас, дэмжлэгийг мөн адил үзүүлж байгаа ч зах зээлд шатахуун-цахилгаан хосолсон тээврийн хэрэгслийн тоо их, цэнэглэх станц дутагдалтай байгаагаас шалтгаалан цахилгаан автомашины борлуулалт сул хэвээр байна. Мөн тус улсад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нийт эх үүсвэрийн 70 гаруй хувийг дулааны цахилгаан станцаар хангадаг. Иймд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх эрчим хүч үйлдвэрлэх нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг нэмэгдүүлнэ гэсэн үг аж.

Холбоотой мэдээ