БОХХААБХ Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-10 11:23:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ) өнөөдөр хуралдаж, энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар батлав.


Монгол Улсын Их Хурлын даргын “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 88 дугаар захирамжид заасан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх асуудлын цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.


Энэ сард тус Байнгын хороо Генетик нөөцийн тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, гаднаас их хэмжээний буудай импортоор оруулж ирснээс тариалан эрхлэгчид хураасан улаан буудайгаа борлуулж чадахгүй байгаа асуудлыг хэлэлцэх, мал, амьтны халдварт өвчин ихэсч байгаа нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, гадагш мал, мах экспортлох боломжийг хааж байгааг онцолж байв. Тиймээс мал эмнэлэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх асуудлын цаглаварт нэмэх, тусгай хамгаалалтад газар нутгийг авах асуудлыг хэлэлцэхдээ гишүүдийн саналыг нэгтгэх, өмнөх тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох санал гаргасан.


Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ирэх долоо хоногт улаан буудай нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүдийн гаргасан бусад асуудлуудыг Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт багтаан хэлэлцэх боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ