Л.Энх-Амгалан: Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийг ирэх оны хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөж буйгаа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Дамдинням өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын багуудыг байгуулж дууссан талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий, мэргэжлийн, дээд боловсролд томоохон реформ хийхээр багц хуулийн төсөлд тусгасан тул өргөн бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулсныг онцолсон юм. Мөн хуулийн төслийг чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол зэрэг салбар тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа байнгын хорооны дарга танилцууллаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Боловсролын багц хууль бол бүх хүнд хамааралтай. Тиймээс нийгмийн зөвшилцлөөр буюу аль болох олон хүнийг хамруулсан хэлэлцүүлэг хийж баталснаар амьдралд нийцсэн, хүлээлтэд хүрсэн хууль болох юм. Монгол Улс хүний болон улс орны хөгжлөөр тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцооноос хамаарч байгаа. Тиймээс боловсролын тогтолцоогоо эргэж харах чухал цаг үе тохиож байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн томилгооноос эхлээд бүхий л түвшинд асуудал бий. Үүнээс гадна “КОВИД-19”-ийн үеийн болон түүнээс өмнөх үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах боломжийг хууль, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд бий болгох юм. Мөн хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгахад багц хуулийн төсөл чиглэж байна. Хот, хөдөөд сургалтын орчин, дотуур байр, багш нарын ур чадвараас эхлээд олон зүйлд чанарын ялгаа гарсан байна” гэлээ.