Н.Учрал: Сэтгүүлч нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвшөөрөл авалгүйгээр мэдээлэл цуглуулж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нар Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн зүйлийн талаар тодруулсан. Тэрбээр УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээлэл олон нийтэд ил байдаг. Хөрөнгө, орлогын мэдээлэл, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж сэтгүүлчид ашиглах асуудал үүсэх үү хэмээн лавласан.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Н.Учрал, "Сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон" гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн багш нар сурагчдаас эцэг, эхийн эрхэлдэг ажил, албан тушаал, өрхийн орлого болоод хувийн мэдээллийг шаардаж авдаг асуудлын талаар хөндсөн бөгөөд цаашид энэхүү хуулиар багш зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, бусад сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авахыг хориглоно гэдгийг ажлын багаас онцлов. Түүнчлэн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой заалтын талаар гишүүд хэлэлцсэн. Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, нэр хүндэд халдахыг оролддог асуудал ихээр гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээж байв.
Мөн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан байна. Ажлын баг Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвийн ажилтай танилцжээ.
Ажлын баг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн хуралдаанаараа нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Үүнд:
1.Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар хуулийн төслийн зарчимд нэмж тусгахаар;
2.Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна “гэрээний хэрэгжилт”-ийг байнга, нээлттэй, ил тод байлгахаар;
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар;
4.Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд нь иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардал төлөхөөр;
5.Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох саналуудыг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсныг онцлоод хязгаарлалттай мэдээллийг хэрхэн тодорхойлохыг асуув.
Ажлын багаас тайлбарласнаар, хязгаарлалттай мэдээлэлд тухайн иргэний зөвшөөрлөөр өгөх мэдээллийг хамруулж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан хандахад нээлттэй юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг хуульд заасан хязгаарын хүрээнд олон нийтэд хүргэх шаардлагатай болдог аж. Түүнчлэн төрийн хяналт шалгалтын явцад мэдээллийг бүгдийг нь ил болгохгүй бөгөөд аливаа шалгалт дуусаагүй байхад тухай шалгуулж байгаа байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учир ийнхүү хязгаарласан хэмээсэн. Мөн хосгүй үнэт бүтээлүүдтэй холбоотой мэдээлэл хязгаартай байх учиртай гэсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох, түүнийг ямар тохиолдолд үнэ төлбөртэйгөөр ашиглуулах асуудлыг гишүүд хөндөж байлаа.
Ажлын багаас, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж нээлттэй өгөгдөл болгож болно хэмээн хуулийн төсөлд тусгасан гэлээ. Нээлттэй өгөгдлийг мэдээлэл хариуцагч өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтлэх бөгөөд төлбөргүйгээр ашиглуулж болох аж. Гэхдээ нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авах хүсэлт гаргасан бол мэдээлэл хариуцагч нээлттэй өгөгдлийг төлбөртэйгөөр өгч болно гэж төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.