МАН-ын бүлэг хоёр яам шинээр байгуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-01 13:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.


Мөн Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хилийн бүсийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн байна. Уг хэлэлцээр нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг дэмжихэд чухал нөлөөтэй тул дэмжих нь гэж үзсэн байна. Уг шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулсан юм.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, БШУ-ны сайдын дэргэд Боловсролын агентлаг, БОАЖ-ын сайдын харъяанд Ойн агентлаг байгуулахаар тусгасан юм. Мөн хуулийн төсөлд Худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын харъяанаас Сангийн сайдад шилжүүлэх, цөмийн энергийн асуудлыг БШУ-ны сайдад, жендрийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас ХНХ-ын сайдад шилжүүлэх, мэргэжлийн боловсролыг ХНХ-ын эрхлэх асуудлаас БШУ-ны сайдад шилжүүлэхээр тусгасан байна.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан ажлын багаас хоёр яам, Боловсролын болон Ойн агентлаг байгуулахыг дэмжсэн байна. Харин жендрийн асуудлыг Ерөнхий сайдын, Худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын харъяанд хэвээр нь үлдээх санал гаргасныг МАН-ын бүлэг дэмжжээ.

Холбоотой мэдээ