“Kawasaki” 2035 он гэхэд дан цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-07 17:33:08

ТОКИО. /NHK/. Японы мотоцикл үйлдвэрлэгч “Kawasaki Heavy Industries” компани байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй загваруудыг үйлдвэрлэхэд түлхүү анхаарч, 2035 он гэхэд хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлэх мотоциклуудынхаа дийлэнхийг цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэдгээ мэдэгдлээ.


Энэхүү зорилтын хүрээнд цэнэг хураагуур бүхий 10 загварыг 2025 он гэхэд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд шатахуун-цахилгаан хосолсон хөдөлгүүртэй загварууд ч мөн багтах ажээ. Мөн “Kawasaki” устөрөгчийг хөдөлгөгч түлш болгон ашиглах шинэ хөдөлгүүрүүдийг бүтээхээр ажиллаж буйгаа мэдэгджээ.


“Цахилгаан хөдөлгүүртэй мотоциклуудыг бүтээхэд уламжлалт хөдөлгүүрийн чимээ, чичиргээ нь гол сорил болж байна. Бид унаачдад эдгээр мэдрэмжийг үргэлжлүүлэн өгөхийн сацуу нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг эрмэлзэж байна” гэж “Kawasaki”-гийн тэргүүн Хашимото Ясүхико ярьжээ. 

Холбоотой мэдээ