Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-16 16:50:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. 2025 оноос төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хэрэглэхтэй холбоотойгоор Орхон аймаг Эх хэл-Эрдэнэт хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын 90 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг үндэсний бичгийн анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахад чиглэх юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа-гаар Орхон аймгийн 4294 төрийн албан хаагчийн 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9  хувь нь сайн мэддэг, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан байна.

Иймд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн албан хаагчдад эх хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, багш, боловсон хүчнийг нэмэгдүүлж, чадавхжуулах, эх хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажиллах гэнэ. Түүнчлэн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд эх хэлний уралдаан, тэмцээн тогтмол зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ