Ж.Оджаргал: Эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүд дээр Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа чухал

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-09-13 18:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.


“Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: "Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүн олон бий. Ерөнхий сайд түрүүн нэлээд онцолж экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх нааштай мэдээ хэллээ. Саналын чанартай ганц зүйл хэлье. Зэс, алт бол мэдээж хэрэг чухал. Үүнийг “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга” гэх төслүүд хөдөлж байж экспорт нэмэгдэнэ. Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын ложистикийг нэн даруй шийдэж байж экспорт нэмэгдэх боломжтой.


2022 онд Гашуунсухайт, төмөр замын холбох ажлыг нэн даруй шийдэж чадвал 2023, 2024 онд экспорт 3-4 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь экспортод маш чухал. Худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг хурдан шийдвэл сайн. Том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг. Хувийн хэвшлүүд дээр баталгааны асуудал ярих гэхээр улс төржсөн сэдэв байдаг тул их төвөгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэлэг арга хэрэглэх гэж байгаа бол эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүдэд Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа их чухал байдаг юм шүү. Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Үүнийг хувийн хэвшлийнхний хувьд баяртайгаар хүлээн авч байна." гэв.

Холбоотой мэдээ