“Редакторуудын Дугуй Ширээний уулзалт”-д 30 гаруй орны төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-01 13:15:55

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох “Редакторуудын Дугуй Ширээний 8 дугаар уулзалт”-ыг энэ сарын 7-9-нд “Ази, Европын цахим харилцаа” сэдвийн дор Туушин зочид буудалд зохион байгуулах  талаар өнөөдөр МСНЭ-ээс мэдээлэв.

Энэхүү хурлыг МСНЭ, “Ази Европын сан”-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Уулзалтад БНСУ, Сингапур, Вьетнам, Ирланд, Полш зэрэг 20-иод орны 30 гаруй төлөөлөгч оролцох аж. “Редакторуудын Дугуй Ширээний уулзалт” нь Монгол Улс АСЕМ-д ямар ач холбогдол өгч, хэрхэн зохион байгуулж байгааг дэлхий нийтэд харуулах чухал арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, уулзалтаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АСЕМ-ыг зохион байгуулагч орныг аль өнцгөөс сурталчлан таниулах вэ гэдгийг тодорхойлох чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бид эх орноо эергээр харуулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно хэмээн МСНЭ-ын Ерөнхийлөгч Б.Галаарид мэдээллийн эхэнд онцлов.

Уулзалтад дэлхийн нэр нөлөө бүхий хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. Тухайлбал, МСНЭ-ын Ерөнхийлөгч Б.Галаарид, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хуудсын Хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг, Английн BBC агентлагийн “World 2020”-ийн тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн нар оролцоно.

"Редакторуудын Дугуй Ширээний 8 дугаар уулзалт”-ад орон бүрээс нэг л төлөөлөгч оролцдог байна. Энэ онд Монгол Улсад болж байгаа тул манай талаас МҮОНТ-ын Ерөнхий захирал Ц.Оюундарь, “Mongolian Observer” сэтгүүлийн эрхлэгч Ч.Бүрэнбаяр нарыг нэмж оруулах хүсэлт тавьжээ. Нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МСНЭ-ын Ерөнхийлөгч Б.Галаарид, Ази, Европын сангийн Ерөнхийлөгч  Ян Зан оролцож үг хэлнэ. Уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, зочдоо хүлээж авахад бэлэн болсон гэдгийг МСНЭ-ийн Гүйцэтгэх Захирал С.Алтанцэцэг мэдээллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ