Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-17 18:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны төгсгөлд 6.9 хувьд хүрэх төлөвтэй байна.


Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа танилцуулсан юм. Дээр дурдсан төлөвлөгөөний хүрээнд нийт 2 их наяд төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд гурван жилийн хугацаанд олгохоор төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь 90 хувь давсан байна. Тиймээс дахиад 1-2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр гаргах боломжийн талаар арилжааны банкуудтай ярилцаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.


Тэрбээр, “10 их наядын төлөвлөгөөний гүйцэтгэл 34 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйн зээл, репо санхүүжилт, ипотекийн зээл зэрэгт 3.4 их наяд төгрөг олгосон байна гэсэн үг. Коронавирусний вакцинжуулалт, 10 их наядын хөтөлбөрийн уялдааг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, 2020 онд -5.3 хувьтай байсан эдийн засаг дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлж, вакцинжуулалт нийт хүн амын 60 хувьд хүрэхэд л энэ оны төгсгөлд 6.9 хувь болж өсөх төлөвтэй болж байна. Хэрэв бид вакцинжуулалт хийгээгүй бол эдийн засаг -2.6 хувь, 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй бол 1.6 хувийн л өсөлттэй байх байсан. Энэ тооцооллыг Сангийн яам, Монголбанк, ҮСХ-ны мэргэжилтнүүд гаргасан. Тиймээс энэ оны хоёрдугаар сарын 18-нд баталсан энэ хөтөлбөр бидний бодож байсан хэмжээнд хэрэгжсэн сайхан мэдээтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ