Турк дахь монголчууд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-13 15:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн Засгийн газрын “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид цахим уулзалт хийв.


Уг хэлэлцээр энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Уулзалтыг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Туркийн талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмэт Эрдэм нар нээж, үг хэлэв. Хоёр талын Ажлын багийн бүрэлдэхүүн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг зохицуулах, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцов.


Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэд энэхүү хэлэлцээрт хамрагдах бөгөөд тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, улмаар БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болох юм. Туркийн Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан мэдээгээр энэ оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин суудаг байна.

Холбоотой мэдээ