Энэ оны эхний найман сард соёлын өвийг хулгайлах гэмт хэрэг долоо бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-12 13:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр, "2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан.


Тухайн төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй байх ба үүнээс гадна хулгай, залилан, булш бунхан, хиргэсүүр ухаж сүйтгэх, тэдгээрээс гарсан эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах зэрэг байна.


Гэмт хэрэг үйлдлэгч нар нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд, энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж, удаа дараа ял шийтгүүлж байсан хүмүүс байгаа бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байна. 


Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заагдсан дээрх төрлийн гэмт хэрэг нь хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгдсэн. Үүний 11-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон, эцэслэн шийдвэрлэсэн. Одоогоор есөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Харин түүх соёлын эд зүйлс хадгалагдаж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг жил тутамд өсөх хандлагатай байна. Энэ оны эхний найман сард нийт долоон гэмт хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллага зургаан хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон. Нэг хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.




Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга С.Даваацэрэн, “Соёлын яамнаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан шуурхай ажлын баг Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймагт томилон ажлуулсан. Уг ажлын алба нь тухайн орон нутагт нөхцөл байдалд ажигллалт хийж ямар шалтгаанаас болж гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар шинжилгээ хийх зорилгоор ажилласан.


Нөхцөл байдал бол коронавирусний цар тахалтай холбоотойгоор музей болон бусад соёлын байгууллагуулын хараа хяналт, анхаарал суларсан шинж ажиглагдсан.


Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоо маш чухал байна. Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг. Тиймээс иргэд идэвхитэй оролцож өөрт байгаа соёлын өвийг Монгол Улсын соёлын өвд бүртгүүлэх, орон нутаг дахь булш, хэрэгсүүрийг тонон дээрэмдэх гэмт хэргийг зогсоохын тулд иргэдийн оролцоо чухал.


Мөн энэ төрлийн гэмт хэргийг төрөөс арга хэмжээ авч зогсооно гэдэг тааруу. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг нэг хүн хүлээдэггүй. Улс орон цаашлаад дэлхий даяараа хүлээдэг” гэв.


Түүх соёлын дурсгалыг хадгалж буй музей харуул хамгаалалтаа сайжруулж, камержуулах хэрэгтэйг тэрбээр мөн онцлохын хамт соёлын өвийн гэмт хэргийн эсрэг бүх нийтийн оролцоо чухал байгааг дурдав.

Холбоотой мэдээ