Шилжин явах цомын эзнээр Сэлэнгийн шүүгчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ“Төвийн бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын тэмцээн-2016” арга хэмжээ Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн болон Сайхан сум дахь сум дундын нийт 6 шүүхийн 180 гаруй шүүгч, ажилтнууд хамрагдсан байна. Тэд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, дартс зэрэг спортын төрлүүдээс гадна шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ур чадварын уралдаанаар хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьсон өрсөлджээ. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдээр Ажил мэргэжлийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын уралдаанд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Р.Баярхүү, Булган аймгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн, ширээний теннисний эрэгтэй төрөлд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслах Тэмүүжин, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн, 100 буудалт даамны эрэгтэй, эмэгтэй төрөлд Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамирчид, дартсын эрэгтэй төрөлд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамирчин, эмэгтэй төрөлд Булган аймаг дахь сум дундын шүүхийн тамирчин, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн шүүхийн баг тамирчид, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тамирчид, гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тамирчид, эмэгтэй төрөлд Орхон аймгийн шүүхийн баг тамирчид тус тус шалгарчээ.
Нийт багийн дүнгээрээ Сэлэнгэ аймгийн шүүхийн хамт олон шалгарч “Шилжин явах” цомын эзэд болжээ. Цаашид энэхүү төвийн бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болж, багийн нийт дүнгээр 2-р байранд шалгарсан Дархан-Уул аймгийн шүүх 2017 онд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг