Улаанбаатар дахь Соёлын атташе нарын клубын нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-28 14:24:23

Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв.

Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа 976 Уран зургийн галлерейг үндэслэгч Б.Гантуяа Монгол дахь модерн урлагийн хөгжлийн талаар товч танилцуулга хийж, уригдсан зочидтой нээлттэй яриа өрнүүлэв. Улаанбаатар дахь Соёлын атташе нарын клубын зорилго нь Монголын баялаг түүх, зан заншил, соёл, урлаг, гар урлал, үндэсний спорт, түүх дурсгалын газар зэрэг биет болон биет бус соёлын өвүүдийг гадаадын дипломатуудад сурталчилан танилцуулах, тэдгээрт соёлын салбарт төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын байгууллагуудтай холбоо хэлхээ тогтооход нь дэмжлэг үзүүлэх, улмаар ДТГ-ууд дахь соёлын асуудал хариуцсан дипломат ажилтнуудад хамтын ажиллагааны шинэ санаа, сэдэл өгөхөд оршино.

Холбоотой мэдээ