Оросын найруулагч Владимир Меньшов таалал төгсжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-06 11:35:53

МОСКВА. /TASS/. Зөвлөлтийн болон Оросын кино найруулагч Владимир Меньшов коронавирусний халдварт өвчний хүндрэлийн улмаас 82 насандаа таалал төгссөн тухай "Мосфильм" киностудийн цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ.


Кино студийн хамт олон найруулагч Владимир Меньшовын ойр дотныхон, төрөл садан, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 


“Бид эх орныхоо кино урлагийн салбарт бүхий л хүч чадал, хурц тод авьяас чадвараа дайчилж, олон сая хүнд хүрсэн гайхалтай сайхан бүтээлүүдийг найруулсан хүндэт нөхөр, “Мосфильм”-н уран бүтээлчээ алдлаа” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн Владимир Меньшовтой хамт зөвлөлтийн кино урлагийн эрин үе биднийг орхиж байна хэмээн "Мосфильм" кино студийн ерөнхий захирал Карен Шахназаров мөн эмгэнэл илэрхийлэх үеэрээ мэдэгдсэн байна.   


В.Меньшовтой салах ёс гүйцэтгэх ёслол 7 дугаар сарын 8-нд Оросын Кино уран бүтээлчдийн төв ордны Их танхимд болох аж.


Түүний найруулсан “Амьдрал нулимсанд дургүй” хэмээх кино нь үзэгч олон, кино шүүмжлэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн бүтээл юм. Зөвлөлтийн кино салбарт бараг л домог болсон энэ бүтээлээрээ Владимир Меньшов 1981 онд Оскарын шагнал болон ЗСБНХУ-ын Төрийн шагнал хүртэж байжээ.



Холбоотой мэдээ