Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-01 17:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Нефть үйлдвэрлэл, борлуулалтын ажил эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэхээр холбогдох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж боловсруулжээ.


Хуралдаанд УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон холбогдох албан тушаалтнууд оролцов. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  


Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн  4 дүгээр зүйлийг 2  дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.


Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ