Гарааны “Биоариус” компанийн био бэлдмэлийг нэвтрүүлэхээр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг багасгах био бэлдмэлийг Сүхбаатар дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд өгнө.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга
Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тус био бэлдмэлийг
танилцуулж, ийнхүү тохиролцжээ.
Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороо байршлаасаа шалтгаалан
шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчныхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон
төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж, иргэдийн эрүүл, аюулгүй
орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байгаа юм.
Био бэлдмэлийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх олон давуу талтай аж.