Японы автомашины үйлдвэрлэл 14 сар дараалан буурлаа

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-09-30 14:52:22

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн наймдугаар сард Японы автомашины үйлдвэрлэл буурснаар тус улсын аж үйлдвэрийн уг салбар дахь үйлдвэрлэл 14 сар дараалан буурлаа.

Японы автомашины үйлдвэрийн томоохон найман компанийн өчигдөр мэдэгдсэнээр, дотоодын зах зээлд нийлүүлсэн машины тоо 569 мянган байгаа нь өнгөрсөн жилийн мөн сарынхаас 4.9 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор суудлын автомашины борлуулалт тус улсад буурсан байна.

Харин гадаад руу гаргасан автомашины тоо 298 мянга орчим байгаа нь өнгөрсөн оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэснээр гадаад борлуулалт гурван сар дараалан буурч байна.

Иений ханш суларсанд хариу арга хэмжээ авах зорилгоор Японы автомашин үйлдвэрлэгч зарим компани хилийн чанадаас бүтээгдэхүүнээ буцаан татаж байгаа боловч Японы зах зээл хумигдсанаас үүдэлтэй дотоодын зах зээл дэх борлуулалт буурч байгааг зогсоох боломжгүй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд