Хоёр улс дипломат архивын салбарт хамтарч ажиллана

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-06-22 17:53:16

Турк-Монголын хооронд дипломат архивын салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас ажлын хэсэг Улаанбаатар хотод айлчилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Дипломат архивын газрын дэд захирал Явуз Эвиргэн Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт бараалхаж, хоёр талын төлөөлөгчдийн хооронд техник уулзалт хийлээ.

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өнгөрөгч 3 дугаар сард Турк Улсад айлчлах үеэр хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд архивын салбарт хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Дээрх санамж бичгийн дагуу талууд мэдээллийн технологи, дипломат архивын салбарын туршлага болон сайн жишгийн талаар мэдээлэл солилцох, техникийн туслалцаа авах зэргээр хамтарч ажиллах боломжтой юм.

Тус уулзалтад Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз байлцав.

Холбоотой мэдээ