“Волксваген” 11 сая машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-30 14:38:35

БЕРЛИН. /ANADOLU/. Хууль бус программ хангамжтай дизель тээврийн хэрэгслүүдийг шинэ программ хангамжаар тоноглох хүсэлтийг ирэх хэдэн өдрийн дотор манай компани хэрэглэгчдэдээ гаргана гэж Германы авто машин үйлдвэрлэгч “Волксваген” компанийн шинэ захирал Маттиас Мюллер хэллээ.

Хууль бус программ хангамжтай холбоотой дуулиан шуугиан бол манай компанийн түүхэн дэх хамгийн том хямрал гэж Мюллер компанийнхаа менежерүүдэд хэлээд, “Олон нийтийн итгэлийг буцааж олох нь маш чухал” гэжээ.

Утаа хэр зэрэг ялгаруулж байгааг шалгах сорилтыг давж гарахын тулд 11 сая орчим тээврийн хэрэгсэлд хуурамч программ хангамж суурилуулснаа “Волксваген” хүлээн зөвшөөрсөн юм.

Тус компани энэ хэргийг дотроо мөрдөн шалгаж байгаа аж. Германы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, мөрдөн шалгалтын талаарх урьдчилсан тайланг өнөөдөр тус компанийн удирдах зөвлөлийн уулзалтын үеэр танилцуулах бололтой.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд