БНАСАУ хилийн хамгаалалтаа чангатгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-18 11:20:30

СӨҮЛ. /KBS/. БНСУ-ын төрийн бус байгууллага Умард Солонгосын засгийн газрыг эсэргүүцсэн олон зуун мянган ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр илгээсэн явдлын дараа БНАСАУ өмнөд хилдээ зенитийн их буу байрлуулжээ.


KBS” телевизийн мэдээлснээр, БНАСАУ-ын эрх баригчдын энэхүү алхам нь сумны хэсгүүд БНСУ-ын нутаг дэвсгэр дээр унаж болзошгүйг үл харгалзан ухуулах хуудсууд бүхий агаарын бөмбөлгүүд рүү цаашид гал нээхэд бэлэн гэдгээ харуулахад чиглэгджээ. Өмнө нь иймэрхүү хэргүүд хоёр Солонгосын хилд үүссэн нөхцөл байдлыг хэд хэдэн удаа даамжруулж байсан аж.  


Умард Солонгосоос зугтан гарч, Өмнөд Солонгост оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” төрийн бус байгууллага дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд 500 мянган ухуулах хуудас, 500 товхимол, 5 мянган нэг долларын дэвсгэрт бүхий 10 агаарын бөмбөлгийг хил орчмын Гёнги, Канвондо мужаас БНАСАУ руу хөөргөсөн байна. БНАСАУ-ын эрх баригчид энэ алхмыг “хариу шаардсан ноцтой өдөөн хатгалга” гэж үзэж, үүнд Өмнөд Солонгосын эрх баригчдыг буруутгажээ.


БНСУ-ын төрийн бус байгууллагууд ухуулах хуудас илгээсний хариуд БНАСАУ 2020 оны зургадугаар сард Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд холбоо тогтоох байрыг дэлбэлсэн юм. Үүний улмаас хоёр улсын харилцаа муудсан нь БНСУ-ыг арга хэмжээ авахад хүргэж, Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудсыг хил орчмын нутгаас илгээхийг хориглосон шинэ хуулийг баталсан юм.

 

Холбоотой мэдээ