Өвөрхангайчууд явган аялал, унадаг дугуй унахыг хөгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангайн ард иргэдийн дунд дасгал хөдөлгөөн, явган аяллыг хөгжүүлснээр эрүүл мэндээ сахин хамгаалах хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна.
Тус аймагт унадаг дугуй сонирхогч залуучуудын нэгдлээс чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилд суралцаж, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, авто машинаас татгалзах зорилго бүхий “Унадаг дугуй сонирхогчдын холбоо”-г байгуулж, одоогоор 5 мянга гаруй гишүүнтэй болоод байгаа аж. Тус холбооноос унадаг дугуй сонирхогч хүүхэд, залуусын дунд 6 удаа аялал хийж, 2 удаа уралдаан зохион байгуулаад байна.
Тэгвэл аймгийн Уулчдын баг, Өсвөр үеийн явган аяллын баг, Насанд хүрэгчдийн явган аяллын баг, Ахмадын явган аялалын баг байгуулагдаад байгаа ба өнгөрсөн онд Уулчдын багийн тамирчид ОХУ-ын Шумакын гол-Саяаны нурууны мөнх цаст оргилд авиралт хийсэн байна. Явган аяллын багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцсоноор 5 хүн Нэгдүгээр зэрэг авч, нэг тамирчин спортын мастер болсон ба Олимпийн хорооны алтан медалиар 2 хүн шагнуулжээ.
Өвөрхангайн иргэд дасгал хөдөлгөөнийг сонирхож хичээллэж эхэлсний илрэл болох эдгээр амжилтууд нь 2015 онд зарласан “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны үр дүн юм.
Өвөрхангай Б.Батчимэг