“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны хүрээнд 25 мянган мод тарина

Монголын мэдээ | Байгаль орчин
dusem11@yahoo.com
2021-05-10 13:15:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25 000 ширхэг тарьц, суулгацыг тарих ажлыг БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачилгаар  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлээд байгаа билээ.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийх ажлаас онцлон дурдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20 хувиар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ.


Айл бүр хашаандаа мод тарьж ургуулснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. 

Холбоотой мэдээ