Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр” баталсны дагуу нийслэлд гурван хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээн, малчдыг малжуулах, нийтийг хамарсан ажил зохион байгуулах, оюутан залуусыг цагийн ажилд зуучилж байна.
Хөдөлмөр
эрхлэлтийн нийслэлийн зөвлөл өнөөдөр
хуралдаж, хэрэгжүүлэх үйл
ажиллагааны талаар санал солилцлоо.
Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Сандагсүрэн хэрэгжүүлэхээр баталсан хөтөлбөрийн хүрээнд үргүй зардал гаргахаас сэргийлж, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулав.
Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэн,
иргэд ажилгүй байгаа шалтгааныг олж, ажилгүй иргэдийн тоог гаргах хэрэгтэйг онцоллоо.
Иргэд ажил олгогчдын санал болгосон ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаас авах боломжтой. Мөн Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд түргэн, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор чатбот ажиллуулж байна.