ҮХЦ-ийн дүгнэлтийг маргааш хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-04 12:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлуулав.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын багийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй" гэсэн юм.


Байнгын хорооны дарга С.Бямбацогт, "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр УИХ-д ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж байна" гэлээ. Ийнхүү дүгнэлтийг маргааш буюу энэ сарын 5-нд хэлэлцэхээр болов.


Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт гаргажээ.

Холбоотой мэдээ