Агаар, орчны бохирдлыг багасгахад газрын гүний дулаан ашиглах технологи нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-29 15:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө агаар, орчны бохирдлыг багасгах хүрээнд хийж буй ажлаа танилцуулав.


Тэрбээр, агаар, орчны бохирдлыг багасгахад дэлхийн дэвшилтэт технологи, шинэ шийдлийг нэвтрүүлэхээр туршиж байгааг дуулгасан юм. Төвлөрсөн дулаанд холбох боломжгүй сургууль, цэцэрлэг, гэр хорооллын айл өрхийг хөрсний дулаан ашиглан халаах технологийг туршихаар бэлтгэж байна. Газрын гүний дулаан ашиглах шинэ технологи “Асем вилла” цогцолбор, "Нүхт" орчмын суурьшлын бүсэд амжилттай туршсан тул нэвтрүүлэх бүрэн боломжтой. Эдгээр ажлын дүнд ирэх жилүүдэд агаарын бохирдол зорилтот түвшинд хүрч багасах боломжтойг З.Төмөртөмөө тэмдэглэв.


Энэ жил Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд оруулсан тул сайжруулсан түлшээр хангахаар бэлтгэж байгаа. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөж, өнгөрсөн онд 621.9 мянгад хүрчээ. Нийт тээврийн хэрэгслийн ихэнх нь олон жил болсон, угаар их ялгаруулдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон. Иймд оношилгоо, үзлэг хяналтыг сайжруулах, гэрлэн дохионы удирдлагын системийг оновчтой болгох зэрэг цөөнгүй ажлыг эхлүүлээд байгаа аж.


Орчны бохирдлыг багасгах хүрээнд ойжуулалтыг эрчимжүүлж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэх, хөрсний бохирдлыг багасгах ажлыг ч эхлүүлжээ.

Тодруулбал, гэр хорооллын 1500 өрхийн жорлонг шинэчилж байгаа бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтыг зогсоох, зарим байршилд хориглосон тэмдэглэл байршуулах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас сүйдсэн газрыг нөхөн сэргээх, шаврын ордуудыг хотоос гаргахаар төлөвлөн, ажлаа үргэлжлүүлж байна. 

Холбоотой мэдээ