"Алтаргана" наадам Улан-Үдийн 350 жилийн ойтой давхцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-17 12:10:07

“Алтаргана” наадам ирэх сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотод зохион байгуулагдах гэж байна.

12 дахь удаагийн энэхүү наадам энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын 350 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм. Монгол Улсад 1990 онд анх дууны уралдаанаар эхэлж байсан уг наадмын гараа яван явсаар ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван гүрэнд тархан суурьшсан буриад түмний эв санаа, сэтгэл нэгдсэн олон улсын наадам болон өргөжжээ.

“Алтаргана” их наадам нь буриад ардын ёс заншлыг сэргээх, сахин хамгаалах, хөгжүүлэх үндсэн зорилготой зохион байгуулагддаг юм. Өнөөдөр Монгол Улсад Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 45 мянган орчим буриад үндэстэн байна гэсэн баримт байгаа юм. Гэвч энэ нь тийм ч бодит тоо биш аж. “Алтаргана” анхдугаар  наадам 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд болж, 30-аад ардын авьяастан, 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Ийнхүү хоёр жил тутам Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дорнод аймгийн Дашбалбар сумдад зохион байгуулагдаж байсан байна. Ингээд 2002 онд тав дахь наадам нь Монгол Улсын хилээс гарч ОХУ-ын Агын үндэсний тойрогт болж, монгол, оросоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэхээний буриадууд оролцсоноор “Алтаргана” олон улсын наадам болон тэлсэн байна.   

Энэхүү наадамд оролцохоор Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг сумдын буриад үндэстэн ястнууд бэлтгэлээ базааж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ