Нөхөн сэргээлтийн ажил хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-21 14:16:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын баг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан. Ажлын багийнхан Ерөө сумын нутаг, Ялбаг гэх газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайнуудтай газар дээр нь танилцаж, үзлэг шалгалт хийжээ.   

Дэд сайдыг ажиллах үеэр тус газарт хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн кемпийг барьсан, техник хэрэгслийг байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зэрэг юм.

Мөн Ерөө сумын Ялбаг гэх тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 200 га талбайд 4321м3 овоолго үүссэн болохыг агаарын ортофото зураглал хийн тогтоожээ. Ажлын баг Ерөө суманд орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монтэнгэр” компанийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж буй байдал болон бичиг баримттай танилцаж, бичиг баримтын бүрдлийг хангах, анхаарч ажиллах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн байна. Дэд сайд тэргүүтэй ажлын баг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт ажилласан аж.

Тус ажлын хүрээнд улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх юм байна.

Энэ тухай аймгийн БОАЖГ-ын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “БОАЖ-ын дэд сайд нөхөн сэргээлтийн ажлыг Сэлэнгэ аймгаас эхэлнэ гэдгийг амалсанд бид бүхэн баяртай байна. Харин нөхөн сэргээлтийн ажил яг хэзээнээс, ямар хүч хөрөнгөөр, хэчнээн га талбайд, ямар компани хийж гүйцэтгэх нь одоогоор хараахан тодорхой бус байгаа” хэмээв.    

Холбоотой мэдээ