ТББХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-20 17:20:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн дэмжлээ:


ҮХЦ-ийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд томилогдсон тухай Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд танилцуулав.


УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй гишүүн баталсан ба хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг онцлов. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын багт Ерөнхийлөгчийн Тамгын газар болон бүх талын төлөөлөл оролцож ажилласан. Цэц мөн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийг нь бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулах тухай санал хэлэв.


Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг цахим хуудсанд байршуулсан /https://www.legalinfo.mn/law/details/16278?lawid=16278/ болохыг дурдав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.2-д “Энэ хуулийн 82.2.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоолын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураах, энэ дагуу заалт түс бүрээр санал хураана” гэж заасан болохыг танилцуулав. Ингээд заалт тус бүрээр санал хураахаар тогтов.


Ингээд,

1. УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив.


2. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив.


3. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив.


4. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 11 гишүүн дэмжиж, 84.6 хувийн саналаар уг саналыг дэмжив.


5. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжив.


6. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжив. 


Ийнхүү Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр санал хурааж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ