“Нөхөн сэргээлт 2024” үйл ажиллагааг Сэлэнгэ аймгаас эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 17:09:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн салбарын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Нөхөн сэргээлт 2024” үйл ажиллагааны хүрээнд орон нутагт төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ.


Салбар дундын хамтарсан байнгын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбаг гэх газарт уул уурхай, бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайд шалгалт хийлээ.


Ингэхэд бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлохоор гэр барьж, техник хэрэгсэл байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зөрчил илэрчээ.


Тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 200 га талбайд 4321 м3 овоолго үүссэнийг агаарын ортофото зураглал хийж тогтоосныг БОАЖЯ мэдээлсэн юм.


Түүнчлэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгаад байгаа билээ. 

Холбоотой мэдээ