Сэлэнгийн хоёр боомт дээр 10 орны 30 иргэнд виз олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-16 17:14:00

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Сэлэнгэ аймаг дахь газраас Сүхбаатар, Алтанбулаг Олон улсын хилийн боомт дээр виз авах хүсэлт гаргасан Франц, Япон, Беларус, Болгар, БНХАУ, БНСУ, Польш, ОХУ зэрэг 10 орны 30 гаруй иргэнд зохих ангилал, зориулалтын виз олгожээ.

Уг визийг энэ сарын эхний 15 хоногийн хугацаанд олгосон байна. Тус байгууллага нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор ийнхүү холбогдох хууль журмын дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй гадаад улсаас ирж байгаа гадаадын иргэдэд шаардлагатай тохиолдолд ингэж виз олгодог аж.

Энэхүү виз нь олон улсын хилийн боомт дээр нэг болон хоёр удаагийн орох, дамжин өнгөрөхөд үйлчилдэг виз юм байна. Гэхдээ хүсэлт гаргасан иргэд нь тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгээ биедээ авч явж буй тохиолдолд уг виз олгогддог ажээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ