“Токио-2020” олимп эхлэхэд 100 хоног үлджээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-14 17:25:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын захирагч, хатагтай Юрико Коикэ өнөөдөр “Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ. Бид олимпын наадмыг гайхалтай сайхан зохион байгуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллана” хэмээн мэдэгдлээ.


Тэрбээр “Энэ олимп дэлхий нийтэд учраад буй “Ковид-19” цар тахлыг ялан дийлсэн олимп байх болно” гээд өнөөдрөөс эхлэн яг 100 хоногийн турш олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд хүн бүхэнтэй хамтран ажиллаж, олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн Япон болон хилийн чинадаас ирэх гайхалтай тамирчдыг харахыг хүсч байна хэмээжээ.


Хатагтай Юрико Коикэ ийнхүү хэлснээр сүүлийн үед тус улсын иргэд “Ковид-19” цар тахлын дэгдэлт их байгаатай холбоотой олимпын наадмыг зохион байгуулахыг хойшлуулах хүсэлтийг тавилаа гэсэн мэдээлэлд цэг тавьж байна гэж ойлгож болох юм.


Түүнчлэн “Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 100 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж Олимпsн тухай болон “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг Монголын үндэсний олимпын хорооноос цувралаар хүргэж байна.


Мэдэх ёстой 100 зүйл


Нэгдүгээр хэсэг: Олимпын наадмын өдрүүдээс Япон дахь арлуудын тоо хүртэл.


1. Олимпын наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны өдрүүдэд болно.


2. Олимпын наадам болох цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны Токиогийн олимпын наадмын суурин дээр шинээр бүтээн байгуулсан.


3. “Токио-2020” Олимпын наадамд каратэ, спорт авиралт, сёрфинг, скейтбординг, софтбол / бейсбол гэсэн таван шинэ спорт багтсан


4. Токио хот нь дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай  метрополитан бүс нутагт байрладаг бөгөөд 2020 оны байдлаар 37.393 сая гаруй хүн оршин сууж байна


5. Эрэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилт нь 9.58 секунд бөгөөд 2009 онд Ямайкийн тамирчин Усейн Болт тогтоожээ.


6. Австрали, АНУ, Испани нь “Токио-2020”-д багийн спортын төрлөөр хамгийн олон эрх авсан гурван улс юм.


7. Япон бол хүн амын тоогоороо дэлхийд XI байрт орохын зэрэгцээ хамгийн их төвлөрсөн, хотжсон орны нэг юм.


8. Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт нь 2.45 метр бөгөөд Кубын Хавьер Сотомайор 1993 онд тогтоожээ.


9. Япон улс нь 47 мужид хуваагддаг бөгөөд сонгогдсон засаг дарга ба хууль тогтоох байгууллага удирдан хянадаг.


10. “Токио-2020” наадмын соёлын албан ёсны хөтөлбөрийг NIPPON фестиваль гэж нэрлэдэг бөгөөд 2021 оны 4-р сараас 9-р сар хүртэл зохион байгуулдаг аж.


11. “Токио-2020” олимпын наадмын бэлгэдэл сахиус /Маскот/-ын нэрийг MIRAITOWA гэдэг.


12. “Токио-2020”-д спортын 33 төрлөөр өрсөлдөнө.


13. “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт жүдо (холимог баг), триатлон (холимог буухиа), хөнгөн атлетик (4х400 метрийн буухиа), байт харваа (холимог хос), ширээний теннис (холимог хос), буудлага (10м-ийн хийн урт бууны  холимог баг, 10 м-ийн хийн гар бууны холимог баг таваг буудлага холимог баг) усанд сэлэлт (4х100 м холимог буухиа) зэрэг спортын холимог төрөл багтжээ.


14. Дахин боловсруулсан хуучин гар утсаар 5000 орчим Олимпын медалийг урлана.


15. “Токио-2020” Олимпын бамбарыг сакура буюу япончуудын хайрладаг  интоорын цэцэг хэлбэртэй бүтээжээ.


16. Эмэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилтыг ( 10.49 секунд ) АНУ-ын Флоренс Гриффит-Жойнер 1988 онд тогтоожээ.


17. Олимпын наадмын бамбарт буухиа 3-р сарын 25-наас 7-р сарын 23 хүртэл 121 хоног үргэлжилнэ.


18. “Токио-2020” олимпын наадамд тамирчид 33 спортын төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө.


19. Тадахиро Номүра бол гурван удаа олимпийн аварга болсон цорын ганц жүдоч билээ (60 кг-ийн жинд “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”). Түүний амжилтыг “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмын +100 кг-ын аварга Францын жүдоч Тедди Ринер давтах зорилго өвөртлөн “Токио-2020” олимпын татами дээр өрсөлдөнө.


20. Медаль гардуулах ёслолын индэр бүтээхэд 24.5 тонн ашигласан хуванцар цуглуулав.


21. Анх удаа 206 багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин багтана.


22. Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт 2.09 м бөгөөд түүнийг Болгарын тамирчин Стефка Костадинова 1987 онд тогтоосон.


23. Олимп, паралимпын наадам нийт 43 талбайд болно.


24. Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт нь 2 цаг 1 минут 39 секунд бөгөөд Кенийн Элиуд Кипчоге 2018 онд тогтоожээ.


25. БНХАУ-ын эмэгтэйчүүдийн волейболын баг нь дөрөв дэх олимпийн аварга цолоо хүртэхээр Токиод очно. Тэд 1984 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлж байсан бөгөөд домогт Лан Пин тоглож байсан.


26. Фүжи уул нь Хоншю арал дээр байрладаг бөгөөд 3,776.24 м өндөр Японы хамгийн өндөр уул юм.


27. Боксын тэмцээн болох "Кокүгикан арена" нь эртний Токио хотын Сүмида дүүрэгт байрладаг бөгөөд мэргэжлийн сумо бөхийн барилдааны гол ордон юм.


29. Нээлтийн ёслолын өмнө спортын хоёр төрөл эхэлж, хөлбөмбөг, бейсбол / софтболын тэмцээний эхний тоглолт 7-р сарын 21-нд болно.


30. “Токио-2020” олимпын наадамд зориулж 19 уран бүтээлч урлагийн 20 албан ёсны зурагт хуудсыг бүтээжээ.


31. АНУ сагсан бөмбөгийн төрөлд боломжит 30 багц алтан медалиас 23-ыг нь (эрэгтэй 15, эмэгтэй 8) хүртжээ.


32. Аллисон Феликс бол хөнгөн атлетикийн зургаан алтан медаль хүртсэн түүхэн дэх цорын ганц эмэгтэй юм.


33. "Ниппон Бүдокан" ордонд 1964 оны олимпын жүдо бөхийн тэмцээнийг анх зохион байгуулсан бол энэ удаа шинээр   олимпын хөтөлбөрт багтсан каратэгийн төрлийг хүлээн авах болно.


34. Япон улс 6852 аралтай бөгөөд үүнээс 430 орчимд нь хүн аж төрдөг.


Үргэлжлэл бий

Холбоотой мэдээ