Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 13:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн 58 чиглэлд өчигдөр 315 автобус үйлчилгээнд явсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгов.


Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд  “Нийтийн тээврээр өчигдөр  110 898 зорчигч үйлчлүүлсний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлжээ. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж, 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашиглаж. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” хэмээв.


Нийслэлд 870 гаруй автобусны буудал бий. Тэдгээрээс иргэд хамгийн их дамжин суудаг Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, ачаалал их байдаг.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шалгагч нар “Ачаалал их байна. Тэр дундаа өглөө 7.00-8.00 цагт ачаалал их байдаг. Өчигдөр зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байв. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд олон байна” гэжээ.


Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр автобусны тоог нэмсэн ч зорчих хөдөлгөөн багасахгүй байна. Хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой ч энгийн иргэд олноор үйлчлүүлж байгааг онцлоод, эдгээрт анхаарсан зохицуулалт хийхийг холбогдох албаныханд сануулжээ.

 

Холбоотой мэдээ