Булган аймагт халдвар авсан иргэдийн 87,8 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-12 18:51:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн шуурхай мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Нийт 66 халдварын тохиолдол батлагдснаас Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөр суманд 17, Орхон суманд долоо,  Тэшиг суманд зургаа байна.

- Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа найман иргэн байгаагаас биеийн байдал нь хөнгөн долоо, хүндэвтэр нэг хүн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн 20 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийж, дөрвөн сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар хариу хүлээж байна.

Аймгийн хэмжээнд халдвар авсан 58 иргэн эмчлүүлж гэрийн хяналтад шилжлээ. Эрүүл мэндийн яамны өдөр бүрийн 11.00 цагийн мэдээ, манай албаны тухайн өдрийн 16.00 цагийн мэдээний тоо зарим үед зөрдөг. Аймгийн эрүүл мэндийн газар мэдээг тухай бүр шуурхай мэдээлж байгаа. Батлагдсан тохиолдлыг эрүүл мэндийн байгууллага албан ёсоор мэдээлнэ. Коронавирусний халдварыг Булган суманд оруулахгүй байхаар ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ.

Холбоотой мэдээ