Энхийн буухиа гүйлт Өвөрхангайд ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 10:37:40

“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутагт ирсэн бөгөөд 13-ны өдөр Улаанбаатараас буухиалж, өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирээд байна.

Энхтайвны гүйлтэнд спортын бэлтгэл болон насны ялгаанаас үл хамааран хэн ч нэгдэн оролцох боломжтой юм байна.

Хоёр жил тутамд зохиогддог Олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар манай орны нутгаар аялж байна. Буухиа галт бамбарыг Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг, сумдын захиргаад хамтран зохион байгуулж байгаа юм.

Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн оржээ. Эдүгээ энэхүү галт бамбарт буухиа гүйлт нь дэлхийн 100 гаруй орныг хамран зохиогдож байгаа бөгөөд эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг түгээдэг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ