Нислэгээр шалган баталгаажуулах шинэ систем нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-06 13:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын навигацийн үйлчилгээний газар нь холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжийг нислэгээр шалган баталгаажуулах зориулалттай, АНУ-ын  Airfield Technology компанид үйлдвэрлэсэн AT-940 загварын хэмжилт, тохируулгын цогц системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг  амжилттай хийсэн талаар ИНЕГ-аас мэдээлэв.


Ингэснээр Ази-Номхон далайн бүс нутагт шалгалтын нислэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа аж. Монгол Улсын шалгалтын нислэгийн баг 1999 оноос нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хийж ирсэн. ИНЕГ-аас техник технологийг шинэчлэх хүрээнд 2019 онд AT-940 системийн санхүүгийн эх үүсвэрийг шийдсэнээр ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл бүрджээ.


Энэ систем нь технологийн нарийн шийдэл, стандарт, үр дүн шаарддаг, илүү дэвшилтэт технологид суурилснаар хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгасан аж.


Цар тахлын үед инженер техникийн ажилтнуудын баг үйлдвэрлэлийн сургалт, системийг хүлээн авах шалгалт, тест, агаарын хөлөгт суурилуулах зэрэг шинэ технологи нэвтрүүлэхэд тулгардаг үе шатыг мэргэжлийн ур чадвар гарган цахимаар гүйцэтгэснээрээ онцлог аж.


Мөн шалгалтын нислэг гүйцэтгэх боломжтой агаарын хөлгүүдэд суурилуулах технологийн картыг шинээр боловсруулан туршилтын нислэг болон “Буянт-Ухаа нисэх буудлын хэрэглэлээр буух системийн ээлжит нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хугацаанд нь амжилттай хийжээ. Нислэгийг “Геосан” ХХК-тай хамтран хийж, үр дүн нь хавсралт 10, ИКАО-ын DOC 8071-ын шаардлагыг бүрэн хангав.


Нислэгийн журам боловсруулалтын алба нь Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтанд орохтой холбоотой өнгөрсөн онд нисэх буудалд суурилуулсан холбоо, навигацийн тоног төхөөрөмжийг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг дөрөвдүгээр сард гүйцэтгэхээр төлөвлөж байна.


Шинэ “AT-940” загварын хэмжилт, тохируулгын цогц системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр тоног төхөөрөмжийн гэмтэл, саатлаас шалтгаалдаг шалгалтын нислэг хойшлох, гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг бэрхшээл үгүй болж, шалгалтын нислэгийн технологи ажиллагааны зогсолтгүй, найдвартай байдлыг хангах аж.

Холбоотой мэдээ