Монгол Улс зорилтот бүлгийнхээ 16 хувийг дархлаажуулаад байна

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-04-02 15:13:57


Монгол Улсад COVID-19 цар тахлын эрсдлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэж тархвар судлаачид, мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн хэдий ч хатуу хөл хорионоос татгалзлаа. Харин энэ өвчний эсрэг дархлаажуулалтын аяныг богино хугацаанд хийж хэрэгжүүлснээр эдийн засаг болоод эрүүл мэндээ хамгаалах алхам болно гэж Засгийн газрын зүгээс үзсэн юм.


Хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн дархлаажуулалтын ажлын явц эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхлээд байна. Коронавирусийн халдвар тархалт огцом өссөн, ялангуяа нийслэл хот дахь тохиолдлын тоо асар хурдтай нэмэгдэж байгаа ч үүний эсрэг өндөр зохион байгуулалттай байж, вакцинжуулалтаа богино хугацаанд хийж дуусгахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар /2021.04.02/ нийт вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 2 сая орчим иргэнийхээ 16 хувь буюу 300 гаруй мянгыг нь эхний тун вакцинд хамруулаад байгаагийн дээр вакцинаас үүдэлтэй ямар нэгэн эрсдэлгүй хэвийн байгаа юм.


Дөрөвдүгээр сардаа багтаан 1,1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа манай улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneka”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “VeroCell”, ОХУ-ын “Sputnik-V зэрэг вакциныг зөвшөөрсөн байгаа. Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байгаа бөгөөд энэ сард “Вероселл” вакциныг 900 мянган тун, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “Астра зенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байна.



    Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хоногтоо 10 мянга болон түүнээс дээш тооны иргэдийг вакцинд хамруулж байна. Энэ тоог дор хаяж 15-20 мянгад хүргэж байж долдугаар сар гэхэд бүрэн вакцинжуулалт дуусах юм. Нийслэлээс гадна алслагдмал хөдөө орон нутагт ч вирусийн тархалт нэмэгдэж байгаа бөгөөд Дархан-Уул, Орхон, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгуудад дархлаажуулалтын ажил эхэлсэн. Ингэхдээ эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас гадна уул уурхайн салбарын ажилчдыг яаравчлан дархлаажуулахаар зорьж байна. Учир нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уг салбарын ажил тасралтгүй, доголдолгүй үргэлжилж байх нэн чухал шаардлагатай байдаг.


Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа энэ үед коронавирусийн тархалт ч мөн огцом нэмэгдэж өдөрт 500 болон түүнээс дээш тохиолдол батлагдах болсон. Нөхцөл байдал хэт хурдан өөрчлөгдөж, төсөөлснөөс ч хүндэрч байгаагаас үүдэн УОК-оос дахин хатуу хөл хорио тогтоох санал гаргаад байсан. Гэвч гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хорионы дэглэмээс татгалзаж харин зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой журмаар хязгаарлах шийдвэр гаргасан. Энэ нь санхүү эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэт дарамт үүсгэхгүй, одоогийн  байдалд тохирсон харьцангуй ухаалаг шийдвэр боллоо гэж олон нийт үзэж байна.


Хамгийн сүүлд буюу гурав дахь удаагийн хатуу хөл хорионы үеэр өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өндөр зохион байгуулалт дор амжилттай хийж байсан бол энэ удаад дахин хөл хорьвол вакцинжуулалтыг илүү түргэн шуурхай, илүү олон хүнийг хамруулж амжих ёстой гэж Ерөнхий сайд хэлж байсан билээ.


Ковидын эрсдэлийн түвшин “Маш өндөр” гэж мэргэжлийн байгууллагын төлөөлөл дүгнэснээс гадна хатуу хөл хорионы дэглэмийг тархвар судлаач, эрдэмтдийн зүгээс санал болгосоор байсан боловч дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд дөрөв дэх удаагийн хатуу хөл хорионд шилжих гарцаагүй байдлыг ийнхүү өөрчлөв. Цар тахлын үеийг хөл хорих замаар биш, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулах замаар даван туулах нь Засгийн газрын баримталж байгаа гол чиглэл аж. Энэ нь эдийн засгийн хүнд сорилтыг амсаж байгаа бүх шатны байгууллагуудад дэмжлэг болно гэж үзэж байгаа юм. Гэвч халдварын тархалт тооцоолж байснаас ч илүү нэмэгдэх болсон нь хөл хорионоос татгалзаж эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн нээлттэй байлгахаар зорьж байгаа энэ үед асуудал үүсгэсэн хэвээр байна.


Хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн манай улсын хувьд дархлаажуулалтын туршлага өндөртэйд тооцогддог. Энэ туршлагадаа үндэслэн уг ажлыг эрчимтэй явуулж тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө нийслэл хотын иргэдийг, долдугаар сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг бүрэн дархлаажуулсан байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Ингэхдээ нийслэлийн бүсэд орон нутгийн эмнэлгийн эмч, ажилтнууд, машин техникийг ч мөн дайчлан хүчээ шавхаж байна.


Монгол Улсын хувьд дархлаажуулалтын үндэс суурь, туршлага түүх одоогоос зуу орчим жилийн өмнө эхэлсэн байдаг. 1920 оны эхнээс Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран цагаан цэцэг өвчний дархлаажуулалтыг хийж эхлэн 1940 он гэхэд уг өвчнийг бүрэн устгаж чадсан түүх бий. Хорьдугаар зуунд 300 сая хүний аминд хүрсэн аюулт өвчний эсрэг хүн ардаа вакцинжуулаагүй бол нийт хүн амын гуравны нэг хэсэг нь үхэлд хүрэх байсан гэдэг. Үүнээс хойш олон төрлийн халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг олон удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн. COVID-19 цар тахлын энэ хүнд үед ч мөн дархлаажуулалтын хүч дэмжлэгээр эдийн засгийн уналт, зогсолтод гүнзгий орохгүй байх боломжийг эрэлхийлж байгаа билээ. Мөн ДЭМБ болон түүний түнш байгууллагуудын зүгээс Монгол Улсад энэ талын дэмжлэгийг бүх түвшинд үзүүлж ирсэн юм. Тухайлбал, КОВАКС олон улсын хөтөлбөрт хамрагдах, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, зорилтот бүлгийг тодорхойлох, вакцин хадгалалт хамгаалалтын горимд хяналт тавих, бэлэн байдлыг хангах зэрэгт дэмжиж ажиллажээ. Хэдийгээр дархлаажуулалтын туршлагатай ч таашгүй нөхцөл байдал үүссэн энэ үед вакцин хадгалах байр, хөргүүр зэрэг нэмэлт бэлтгэл, зардал ихээхэн шаардагдсаар байгаа.


Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу энэ ажил үргэлжилж байна.



Зорилтот бүлэг гэгдэх 1 сая 900 гаруй мянган иргэнээ бүрэн хамруулахад шаардлагатай вакциныг худалдан авах 226 тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлсэн гэж Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа юм. Мөн Ковакс хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Япон Улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсын хүн амын 20 хувьд нь хүрэлцэхүйц хэмжээний вакцин нийлүүлэхээс гадна тус улсаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 21.5 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарыг чадавхижуулахад зориулан тусламж болгож олгохоор болсон. Харин Хятад Улсаас хоёрдугаар сарын 22-нд 300 мянган тун вакцин хүлээлгэн өгсөн, Ковакс хөтөлбөрийн хүрээнд нэмж 650 мянган хүн тун вакцин авах юм. Түүнчлэн Спутник-V вакцин 1 сая тун авахаас гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун вакцин нийлүүлэх тухай судалгааг Оросын талаас хийж байгаа юм. Энэ мэтээс үзэхэд вакцинжуулах үйл явцад санхүүгийн болон вакцины нөөцийн хүндрэл бэрхшээл бага байх төлөвтэй.

 

Холбоотой мэдээ