Монгол, Хятадын парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-01 02:33:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай цахимаар уулзав. 


Уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Б.Дэлгэрсайхан, Бүлгийн гишүүн Б.Баттөмөр,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа оролцов. БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Байнгын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэньвү, БХАТИХ-ын Үндэстний хорооны дарга, Хятад-Монголын найрамдлын бүлгийн дарга Бай Чуньли, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Жан Еэсүй, БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газрын Судалгааны албаны дарга Сун Руй, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Луо Жаохуй нар болон албаны бусад хүмүүс оролцов.



Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ 13 дугаар удаагийн БХАТИХ болон Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 4 дэх удаагийн чуулганаа амжилттай зохион байгуулж, Хятад улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн талаар чухал шийдвэр гаргасанд баяр хүргээд, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Мөн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд цаашид байнгын уулзалтын механизмын хуралдааныг жил бүр хийхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-ын удирдлага, Байнгын хороод, Найрамдлын бүлэг, Тамгын газар хооронд туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах саналтай байна. Мөн хоёр хууль тогтоох байгууллагын Тамгын газрын Судалгааны нэгж хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй. Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын удирдлагын айлчлалыг энэ онд хэрэгжүүлэх талаар хоёр тал дипломат шугамаар ярилцаж байгаа. Айлчлалуудыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан хоёр талын тохиромжтой үед хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.


Түүнчлэн тэрбээр, “Хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам”  болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг болон түүнийг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллаж буйг УИХ-аас дэмжиж ажилладаг.


Ковид-19 цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас манай улсад тодорхой туслалцаа үзүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрч, далайцыг бууруулахгүй байхад анхаарал хандуулж, нягт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ялангуяа дэлхий нийтээр эрэлт ихтэй байгаа вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар нийлүүлсний зэрэгцээ арилжааны шугамаар худалдан авахад дэмжлэг болж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Арилжааны шугамаар авах эхний ээлжийн вакциныг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүлээлцэхээр хоёр талын холбогдох байгууллагууд бэлтгэл хангаж байна. Дараагийн ээлжийн 600 мянган тун вакциныг дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн дотор нийлүүлэхэд дэмжлэг болохыг хүсье” гэв.



Цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, сүүлийн өдрүүдэд доголдоод байгаа зарим боомтын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд хэвийн горимд оруулахад дэмжлэг хүслээ.


БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, УИХ-ын дарга Г.Занданшатарыг найм дахь удаагийн парламентын даргаар улиран сонгогдсонд баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж байгааг онцлов.


Цаашид хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах талаар санал илэрхийлэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж хоёр тал санал нэгтэй тэмдэглэдэг. Хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг аль болох эрт биелүүлэхийн төлөө хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Ингэхийн тулд “Талын зам” болон “Бүс ба зам” зорилтыг уялдуулах, хоёр улсын хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй байна.



Хоёр улс мөнхийн хөршийн хувьд найрсаг харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Цар тахлын хүнд бэрх цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган толгой хонь бэлэглэж, сэтгэлийн тусламжаа өгсөн. Энэ бол манай хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон билээ. Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр талын улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг гэж  ноён Ли Жаньшу хэлсэн үгэндээ тэмдэглэв.


Мөн уулзалтаар талууд Монголбанк Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ