Вакцинжуулалтад ажиллах 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-25 18:26:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусний халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, иргэдээ вакцинжуулах ажил өрнүүлж байна.


Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.


Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Түүнчлэн вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх, тарилгын дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн сургаж бэлтгэх, мэдээлэл олгох ажил өрнүүлэх аж.


Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх юм.

Холбоотой мэдээ