Газар хөдлөлтийн дараа төмөр замын суурь бүтцэд шуурхай үзлэг хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 тоот тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэх болсон. Өнөө жилийн хувьд энэ өдөр гуравдугаар сарын 25-нд тохиож, улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл “бэлэн байдал”-ыг шалгах мэт гуравдугаар сарын 24-ний 22.46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс 16 км зайд 5.5 магнитутын хүчтэй газар хөдөлж чичирхийлэл нь нийслэлд хүртэл мэдрэгдсэн. Уг газар хөдлөлт нь төмөр зам дагуу бүс нутагт болсон тул замын суурь бүтцийн хэвийн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлсөн эсэхийг УБТЗ-ын Замын III ангийн дарга Б.Ариунболдоос тодруулсан юм.
-Говьсүмбэр
аймгийн нутагт болсон газар хөдлөлт хэр хүчтэй мэдрэгдэв. ШУА-ийн Одон
орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбараас уг бүс нутагт
өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй гэж мэдэгдсэн?
-Гуравдугаар сарын 24-ний 22.46 цагт Говьсүмбэр аймагт газар хөдлөлт мэдрэгдсэн. Мэргэжлийнхэн газар хөдлөлтийн төв цэгийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 16 км-т 5.5 магнитут буюу 6-7 баллын хүчтэй хөдөлсөн гэж байна. Бидний хувьд газар хөдлөлт болсны дараагаас ангийн хэмжээнд шуурхай арга хэмжээ авч, өртөө, зөрлөгийн зам сум, ойр хавийн томоохон гүүрүүдэд үзлэг хийсэн. Харанхуй байсан учраас тууш шалгалт хийх боломжгүй байлаа.
Мөн тухайн үед аялалд явж байсан галт тэрэгнийн зүтгүүрийн бригадуудтай холбогдож, хүчтэй газар хөдөлсөн тул хоорондын замд аялахдаа сонор сэрэмжтэй явахыг сануулж, хамтарч ажилласан. Тухайн шөнө аялалд явсан зүтгүүрийн бригадуудаас галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой гэмтэл саатал гарсан талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Гэсэн хэдий ч гуравдугаар сарын 25-ны өглөө 7.40 цагаас зам сум болон хоорондын замын тууш шалгалтыг эхлүүлсэн. Ялангуяа, Говьсүмбэр аймаг, Лүн, Оорцог-Энгэр, Наран-Элгэн зөрлөгийн замын хэсгийнхэн хоорондын зам, өртөөний замд тууш шалгалт, мөн гүүр хоолой, хиймэл төхөөрөмжид гэмтэл гарсан эсэхийг шалгасан. Мөн ангийн инженер техникийн ажилтнуудыг шугам замд явуулж, 25 метрийн урттай томоохон гүүрүүдэд үзлэг хийлгэсэн. Ийм томоохон гүүрүүд манай ангийн хэсэглэлд нэлээд хэд бий.
Айраг-Бор-Өндөрийн хоорондын замд 13, 14, 27, 28, 30, 48 дугаар
км дэх гүүрийг замын хэсгийн мастерууд, гол замын 666, 675, 689, 713, 747
дугаар км дэх гүүрүүдийг замын ангийн инженер техникийн ажилтнууд шалгасан.
Ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байгааг тогтоосон. Замын хэсгүүд үзлэг шалгалтыг
мөн өдрийнхөө 10.40 цагт бүрэн хийж, зам сум, хоорондын зам, гүүр хоолой
хиймэл төхөөрөмжид гарсан гэмтэлгүй, хэвийн байна гэдэг мэдээ ирүүлсэн.
-“Газар
хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн өмнөх өдөр нэлээд
хүчтэй газар хөдөлсөн нь та бүхэнд энэ чиглэлээр аюулгүй байдлаа хангах дадлага
туршлага болох шиг боллоо...?
-Тэгж
хэлж болно. Байгалийн гамшигт үзэгдэл хэлж ирдэггүй. Тэр дундаа дэлхий нийтэд
газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх арга технологи одоогоор байхгүй байна.
Тиймээс улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг “Газар хөдлөлтийн гамшгаас
урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд манай ангийн хамт олон ОБЕГ-аас
зохион байгуулсан цахим сургалтад хамрагдлаа. Мөн аймгийн Онцгой байдлын
комиссоос байгууллагуудын газар хөдлөлтийн үед гамшгийн төлөвлөгөөний дагуу
ажиллах баг, штабын бэлэн байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өгсөн.